
2021 оны 1 дүгээр сарын эхний арав хоногт ихэнх нутагт дунджаас 5.1-10.2 градусаар хүйтэн байлаа
2021 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хэнтэйн өндөрлөг уулс, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Увс нуур, Дархадын хотгороор 30.0-44.9 градус, томоохон голуудын хөндий, Их Нууруудын хотгор, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 25.0-29.9 градус, Тахийн шар нуруу, Ингэн хөөвөрийн хоолой, Заг Сүүжийн говиор 12.3-14.9 градус, бусад нутгаар 15.0-24.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-10.2 градусаар хүйтэн, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн зарим хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1.1-1.2 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 6-15 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 16-28 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 36-47 градус, говийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зарим газарт 24-35 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-24 градус хүйтэн, говь, тал хээр нутгаар 5 градус дулаанаас 9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 28-40 градус, уулархаг нутгаар 41-50 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт нийт нутгийн 40 гаруй хувьд хур тунадас ороогүй. Харин Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар 0-2.4 мм тунадас орсон (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Сүхбаатарын зарим нутгаар дунджийн орчим буюу дунджаас ахиу орсон.
1 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Архангайн Түвшрүүлэх, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Төвийн Баян-Өнжүүл, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Дарьгангад 10.1-20.0 см, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5.1-10.0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд Говь-Алтайн Цогт, Бугат, Архангайн Батцэнгэл, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Баянхонгорын Баянхонгор, Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр, Баацагаан, Баянбулаг, Баянговь, Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хужирт, Богд, Булганы Гурванбулаг, Бүрэгхангай, Сайхан, Могод, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Эрдэнэ, Зуунмод, Баян, Хэнтийн Биндэр, Жаргалтхаан, Дархан, Батноров, Батширээ, Дэлгэрхаан /Хэрлэнбаян-Улаан/, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Мөнххаан, Өмнөговийн Даланзадгад, Булган, Дорноговийн Мандах, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Адаацаг, Сайнцагаан, Гурвансайхан, Баянжаргалан сумдын нутгаар түр зуур 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас 5.1-10.2 градус хүйтэн байлаа.
- 1 дүгээр сарын 10-ны байдлаар Увсын Давст, Архангайн Түвшрүүлэх, Төвийн Алтанбулаг, Дорноговийн Алтанширээ, Иххэт, Сүхбаатарын Асгатад цагаан зудтай, Увсын Тэс, Баруунтуруун, Сагил, Түргэн, Ховдын Дарви, Говь-Алтайн Гуулин, Алтай, Жаргалан, Цээл, Завханы Цэцэн-Уул, Архангайн Хангай, Хашаат, Хотонт, Чулуут, Баянхонгорын Жаргалант, Галуут, Булганы Тэшиг, Могод, Гурванбулаг, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Бугант, Төвийн Зуунмод, Бүрэн, Дундговийн Сайнцагаан, Дорноговийн Дэлгэрэх, Улаан-Уул, Замын-Үүд, Айраг, Өргөн, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Хэнтийн Батноров, Баянмөнх, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Халзанд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу нөхцөл бүрдээд байна.

Онцлох мэдээ
11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/03/02



6 м/с


Шинэ мэдээ

